Сайн байна уу Хотын дарга-аа,
Технологийн талаар бичдэг байсан блогоо ийм сэдвээр бичлэг оруулж байгаадаа бусад уншигчдаасаа хүлцэл өчье. өнгөрсөн 8 жилийн Монгол улсад болж өнгөрсөн ялзрал, авилга, хээл хахууль, хуулийг уландаа гишгэсэн завхралын үр дагавар миний орон гэрийн үүдэнд хүртлээ газар авсан учраас олон нийтэд хандаж, мөн шинээр томилогдсон Бат-Үүл даргад хандаж бичлэг бичлээ.
Миний хувьд өнгөрсөн 6 жилийн хугацаанд эх орондоо буцаж ирж ажиллаж хөдөлмөрлөсөөр олон бэрхшээл, муу муухайг нүдээрээ үзэж биеээрээ туулсан. Энэ их бөөгнөрсөн ялзарсан тогтолцоог өөрчлөх улс төрийн хүчинг ардчилсан нам гэж үзээд бүх боломжоороо дэмжиж ирсэн. АН сонгогдсонд одоо баяртай байна. Бага багаар өмхий үнэр арилж байна гэж мэдрэгдэж эхэлж байна.
За миний болон 1000 гаруй өрхийн асуудлыг товчхон тайлбарлавал:
13 хороололд дундын замаас нарны зам руу орж гардаг 2-хон гарц байдаг. Энэ 2 гарцны нэгийг нь хааж хашаа хатгаад барилга барьж эхэлж байгааг хараад хэлэх үг олдсонгүй. Энэ замыг хааж газар олгодог тэр авилгач төрийн түшээ нөхөр, олон мянган иргэдийн эрх ашиг тайван амьдрах эрхийг үл тоож буй тэр газрыг хууль бусаар өмчилж авсан тэр баян этгээд 2-т зохих ял шийтгэлийг оноох тийм засаг Монгол-д бий болж байгаа гэдэгт итгээд ийнхүү бичиж байна.
Зургаар харуулвал:
Энэ хууль бус үйлдлийг судлаж, арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хотын дарга таниас оршин суугч бид хүсэж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгсөн оршин суугчдын өргөдлийг хавсаргав:
Бид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орших “Home land”, Шинэ Дөл хотхоны оршин суугч билээ. Саяхнаас буюу 2012 оны 8 дугаар сараас эхлэн “Home land”, Шинэ Дөл болон бусад эргэн тойрны баригдсан болон баригдаж буй хотхоны хойд талаас машин ордог шороон замыг хааж, барилгын төмөр хашаа барьж эхэлсэнд оршин суугчид эсэргүүцэж, төмөр хашааг удаа дараа буулгасан юм. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр уг гарцаар машин явах боломжгүй болгож, газар ухаж орхисон нь “Home land”, "Шинэ Дөл" хотхоны төдийгүй энэ хавийн оршин суугчдыг ихээхэн бухимдуулж, бидний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд аж төрөх эрхийг ноцтойгоор хязгаарлаж байгаад гомдолтой байна.
Уг газар ухсан хашаанд ажиллаж байгаа барилгын хувцастай хүмүүсээс ямар компанийн ямар барилга баригдах гэж байгаа талаар тодруулахад “Чамд хамаагүй. Хувийн компани барилга барих гэж байна” хэмээн ундууцаж, тодорхой хариулт өгөхөөс татгалзаж байна.
Иймээс уг барилгын ажлыг эхлэхээс урьтаж, барилга барих зөвшөөрлийг нягталж, зам барилга, хот төлөвлөлтийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоож өгөхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүсч байна.
Уг гарц нь 13-р хорооллын “Натур” худалдааны төвийн баруун талаас, Нарны зам хүртэл цорын ганц зам бөгөөд цаашдаа энэ орчны зам, харилцааны асуудлыг яаралтай шийдэж өгөхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүсч байна.