Tuesday, August 21, 2007

Турк улс - Миний 7 жил

7 жилийн өмнө Турк улс руу Засгын газрын шугамаар сурахаар одсон тэр цаг мөч саяхан. Тэр үед жил болгон 20 оюутан шалгаруулж явуулдаг байлаа. (Одоо сонсоход 80 орчим оюутан явдаг болсон гэнлээ. Саяхны манай Ерөнхий сайд Энхболд гуайн хийсэн айлчлалаар энэ тоог улам ихэсгэж, мөн Техникийн их сургуулийг Турк улсын Анкара дах Техникийн их сургуультай оюутан солилцуулахаар болсон гэж дуулдсан)

Тэр үед мөнгө төгрөгний боломжгүйгээсээ ч тэрүү жилийнхнээсээ салж онгоцоор явахаа болиод Турк-д сурдаг хальт таньдаг ах эгч нараа бараадаад вагонаар явахаар шийдлээ. Өмнө нь гэрээсээ хол сурч байсан болхоор хол газар сурахаар удаан жилээр явна гэхэд надад тийм ч хэцуу санагдахгүй байлаа. Гэвч яаг вагондаа суугаад хөдөлдөгийн алдад цонхоор ээж дvv нар маань харагдаад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөөд хойлоо зангираад нүднээсээ хэдэн дусал нулимс тусаалаа :,(
Замдаа гарснаасаа хойш нэг өдөр шахам бодлогшрон, коридорт цонхоор ширтэж , санаа алдан өнгөрөөлөө. Вагон юм бодож, эргэцүүлж, хуучнаа дурсаж, ирээдүйгээ төлөвлөхөд яг тохиромжтой газар санагдсан.

За тэгээд 5 хоног вагонд идэж ууж, наргиж цэнгэж, инээж хөхөрч явсаар Москва-д очлоо. Хүйтэн царайтаа муухай ааштай орос ах нар угтан авч онгоцны буудал хүргэж өглөө. Бас Москва-д кармандаа авч явж байсан хэдхэн ногооноосоо 50-ийг нь торгууль гээд өгчихвөө. Муу луйварчин орос ах нар уу! Уул нь Москва-д үлдэж жаал хэсэж юм үзмээр байсан ч, газар хэл мэдэхгүй болохоор дагаж явж байгаа ах эгч нараасаа салахыг бодсонгүй, дараа үзнэ дээ чамайг гэж Москва-д хэлчихээд онгоцондоо сууж Истанбул гэдэг хотын зүг нисэв. Орос хувийн онгоцоор(charter) явсан болхоор үүлчлэгч нарийн шидсэн хоолийг идчихээд жаал зvйрмэглээд цонхоор хартал нээх том гэрэл болсон газрийн дээгүүр нисэж байна. Хажуудах оюутнаас ауусан чини Истанбул-д ирчихлээ гэнэ дээ. Хаашаа ч харсан гэрэл болсон ийм том хот гэж бас байнаа гэж бодоод их л олзуурхан хурдан бууж харах юмсан гэж тэсэн ядан газардахаа хүлээж эхэллээ. Улаанбаатар-аасаа өөр газар үзээгүй хөдөөний хүүхэд би ингээд харь газар хөл тавьж эрдэм ном сурхийм биз дээ ;)

Манай Буянт-Ухааг бодвол хэдэн арав дахин том гэхээр онгоцны буудалд хамгын анх сонин санагдаж байсан зүйл бол Мөнгөн тэмдэгт нь. Өөртөө үлдсэн 200 шахам ногоонийг задлуудаад л хичнээн саятан болчихдог юм байна. За байж тэр үед 1 ногоон ойролцоогоор 1.200.000 лир-тэй тэнцэж байсан байх. Одоо бол 6 тэгээ устгаад 1 $ =1.6 лир болсон.

Шөнө очсон болоод ч тэр үү, нүүрийг илбэсэн зөөлөн бүлээн агаартай, амьсгалахад цээжинд агаар орохгүй ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр бас халуун газар байсан. Олуулаа буусан болхоор Истанбул-ийн оюутан ах эгч нарын найзууд нь биднийг тосож авч тээврийн товчоо руу хүргэж өгсөн. Миний очих газар бас л хол байлаа. Дахиад 600 киломэтэр автобусаар зорчих хэрэгтэй. Суусан автобус маань Оросын чартэр онгоцноос ч тохилог, үйлчилгээ сайтай, тухлаг байсан болхоор унтан сэрэн нийт 8-хан цаг(зам сайтаа болхоор) яваад л эцэст нь Измир гэдэг хотдоо очлоо. Измир хот маань Истанбул-аас ч илvv гоё санагдлаа. Яагаад ч юм илүү тайван, илүү нарлаг, илүү халуун уур амьсгалтай.

Үргэлжлэл бий…


0 Comments:


eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks